Урьд өмнө тохиолдож байгаагүй, эрс тэс цаг агаарын нөхцөл буюу зудын улмаас одоогийн байдлаар Монголын Улсын хэмжээнд 245,005 гэр бүл нэрвэгдсэн талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) хоёрдугаар сард гаргасан тайландаа дурджээ. Монгол Улсад зудын улмаас арваннэгдүгээр сард 49 мянган толгой мал хорогдсон бол нэгдүгээр сарын 26-ны байдлаар 284 мянга 242 толгой мал хорогдсон байна. Олон малчин нүүдлийн Отор хийхээс өөр аргагүйд хүрээд байна. Арваннэгдүгээр сарын эхэн үеэс эхлэн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь зудад нэрвэгдсэн тул 18859 малчин өрх (67,892 хүн) отор хийж эхэлсэн байна. “2024 оны нэгдүгээр сарын байдлаар отор хийж, 7570 өрх улсын тусгай хамгаалалттай газар нутаг руу нүүсэн бол 2322 өрх өөр аймаг руу шилжиж, 4303 өрх аймаг дотроо, 2907 нь хилийн боомт руу, 1047 өрх аймгийн хил рүү (хоёр аймгийн хоорондох) нүүжээ. Мөн тайланд энэ онд малчин өрхүүдэд хүмүүнлэгийн нөлөө үзүүлэхэд нөлөөлсөн өөр хэд хэдэн хүчин зүйлийг онцолжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхнээс арванхоёрдугаар сарын хооронд улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэн нь өвс, тэжээл тээвэрлэхэд малчдад хүндрэл учруулж байгаа аж. Монгол Улсад арванхоёрдугаар сарын байдлаар инфляци 8.6 хувиар өндөр, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, рашаан 14.4 хувиар, орон сууцны үйлчилгээ, ус, цахилгааны үнэ 5.5 хувиар өссөнийг тайланд онцолжээ. Ялангуяа малчин өрхүүдийн гол хөрөнгө нь мал байдаг тул инфляци нь тэдний худалдан авах чадварыг ихээхэн бууруулж байна. Мөн инфляци, олдоц, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж өвс, тэжээлийн үнэ өссөөр байгааг тайланд дурджээ. Тухайлбал, 2023 оны есдүгээр сард нэг шуудай өвс 5000 төгрөг байсан бол 2024 оны нэгдүгээр сард 18 мянган төгрөг (инфляци 360 хувь), нэг шуудай өвс 8000 төгрөгөөс 340000 төгрөг болж өссөн байна.