Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бадамцоогийн Идэрчулуунд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.
Тэрээр төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажилласан бөгөөд хөдөлмөрийн гараагаа Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгчээс эхэлж, Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхэд шүүгч, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байжээ.
1999 оноос Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт, Ажлын албаны дэд дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Монгол Улсын Төрийн албаны төв байгууллагын гишүүний хувьд төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл юм.