Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлаж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үеэр орон нутгаас хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах талаар таван цуврал илтгэл танилцуулсан юм.
Хамгаалагдсан ирээдүй уриатайгаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, засаг даргын орлогч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга, мэргэжилтнүүд, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга нарын төлөөлөл, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн төлөөлөл, “Өнөр бүл” хүүхдийн төвийн дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, сумдын Засаг дарга нар, ЕБС-ийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, сумдын нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, сургуулийн нийгмийн ажилтнууд, хүүхдүүдийн төлөөлөл 500 гаруй хүн оролцсон.
Мөн энэ үеэр хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдын дунд “Хамгаалагдсан ирээдүй олон талт хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг зохион байгуулж, хүүхдүүдийн дунд “Томчуудад хандах бидний үг” хэлэлцүүлэг хийлээ.