Улаанбаатар хотын нийтийн тээврийн жолоочдын асуудал нийгэмд яригдаж буй энэ үед хот хоорондын автобусны жолооч нарын ёс зүйн талаар нэгэн иргэн өөрт тохиолдсон явдлаа хуваалцжээ.
Тэрбээр "Үнэхээр бичихгүй бол болохгүй сэдэв юм байна. Өнгөрсөн шөнө би Чойбалсан хотоос Улаанбаатарт ирлээ. Оройн 18:00 цагт нийтийн зоригч тээвэр буюу хот хоорондын автобусанд суугаад бүтэн 12 цаг яваад өглөө 05:30-д Улаанбаатарт буулаа.
Явах замдаа үнэхээр их стресстэй цаг хугацааг өнгөрөөж ирлээ. Учир нь жолооч гэх хижээл насны ахын ааш аяг харилцаа хандлага тэр автобусанд байсан бүх хүний уур ундуйцлыг ч хүргээд авав. Юу болсон бэ гэхээр нэгдүгээрт, автобус хөдлөөд 100 орчим километр явж байхад нэг зорчигч бие засмаар байгаагаа жолоочид хэлтэл элдвээр хараагаад зогссонгүй. Сүүлдээ ч нөгөө залуу хэцүүдсэн бололтой янз бүр болж байж арай хийж буугаад бие засах хооронд жолооч тухайн зорчигчийг хараалаа. Уртын замд хүнд ямар ч асуудал тохиолдож болно. Хүний наад захын бие засах эрхээ автобусны жолоочоор хасуулна гэдэг бас л эмгэнэлтэй.
Хоёрдугаарт, тус автобусанд хүүхэдтэй хүн нэлээн олон тэр дундаа 5,6-хан сартай 2 ч хүүхэд зорчлоо. Гэтэл жолооч халуун байна гэх нэрийдлээр цонхоо онгойлгов. Өвлийн хүйтэнд 80 км цаг хурдтай явах автобусны цонхыг онгойлгоход арын зал тэр чигээрээ хүйт орж сийгдэг юм байна. Олон ч ээж цонхоо хаахыг хүсэж, гуйж сануулахад үл тоож харин ч бүр эсрэгээрээ харааж зүхлээ. Яасан муухай сэтгэлгүй жолооч вэ. Нялх нярай хүүхэд даараад байна гэхэд аав, өвөө хүн л байлтай уурлаж уцаарлаж элдэвлээд яг үнэндээ бараг бүтэн шөнөжин онгорхой цонхтой автобусанд даарсаар ирлээ. Үнэхээр нойр нь хүрээд байгаа бол ээлжийн жолоочоороо бариулаад явах боломж бүрэн байсан. Угаасаа тэгэх ч шаардлага тавьж хот хооронд уртын замд яваа автобуснууд 2 жолоочтой гардаг.
Гуравдугаарт, хол замд шөнө орой явахад жолооч нарт ямар зовлон жаргал байдгийг хамгийн их ойлгох хүн бол энэ хүн байв. Гэтэл өөдөөс ирж яваа машинуудад гэрлээ үнэхээр шилжүүлж өгдөггүй юм байна. Өөдөөс ирж яваа машинууд гэрлээ дохиод байхад л гэрлээ шилжүүлэхгүй явсаар байгаад л зөрж байх жишээтэй. Өмнө нөхөртэйгөө шөнө орой явахад замд гэрлээ шилжүүлдэггүй жолооч нар их таардаг байлаа. Ямар мал шиг жолооч нь гэрлээ шилжүүлдэггүй бусдадаа гай болдог бол гэж боддог байв. Энэ автобусны жолооч ах бол үнэхээр сэтгэлгүй мал байлаа.
Авто тээврийн үндэсний төвийнхөн энэ мэт жолооч нартаа хариуцлага тооцож, уртын замд гарч байгаа жолооч нарын сэтгэл зүй, харьцаа хандлага гээд маш их анхаарах шаардлагатай гэдгийг олж харлаа. 40-50 хүний амь насыг тээж яваа жолооч хүнд баймгүй муухай үйлдлүүдийг өнгөрсөн шөнийн 7999УАЕ улсын дугаартай автобусны жолооч гаргасан шүү" хэмээжээ.