С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж, анхан шатны шүүхээс 25 жилийн ял сонссон Т.Чимгээ төрөөс сэтгэл санааны болон эрүүл мэндийнхээ хохирлыг нэхэмжилжээ. Түүнийг хорих ангид хилс хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, цагдан хоригдож байх хугацаанд нь охин нь ослоор амиа алдаж, сэтгэл санааны хүнд цохилтод орж байлаа. Харин өдгөө хэргийг нууцаас гаргаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг "Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд хохирол нэхэмжилж хандсан ч харьяаллын бус, мөн тэмдэгтийн хураамж төлөөгүй шалтгаанаар буцаасан. Харин өдгөө Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд хандаад байна. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг төрөөс шийдэх байх. Миний үйлчлүүлэгч анх шүүхээс 25 жилийн ял сонсоод, 20 жил дээр буугаад, 20 гаруйхан настай охиноо алдаад бүхэл бүтэн зургаан жил амьдрал нь там дунд өнгөрсөн. Өдгөө С.Чимгээгийн бие нь муу, гар хөл нь татдаг болж, байр түрээслэн амьдарч байгаа. Энэ хэрэгт би 2015 оны арваннэгдүгээр сараас хойш ес дэх жилдээ ажиллаж байна. 61 хавтаст хэргийг 46 хоног уншиж танилцаж байлаа. Хавтаст хэрэг маш нууцад орсон учраас хувилж авах боломжгүй, бүхнийг тархиндаа тогтоох хэрэгтэй болно. Би өмгөөлөгч, хуульчийн хувьд гэм буруугүй гэдэгт анхнаасаа итгэж, хилс хэрэгт шийтгүүлсэнд итгэлтэй байсан. Харин одоо биеийг нь эмчлүүлэх шаардлагатай байгаа. Монголдоо болохгүй бол гадагшаа ч явж болзошгүй" гэв.
Харин Б.Содномдаржаа мөн сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлоо төрөөс нэхэмжилсэн бөгөөд тэрбээр гишгэж явж чадахгүй байгаа учир гадаад руу явж эмчлүүлэхээр болжээ. Эрүүдэн шүүснээс тэд ийнхүү эрүүл мэндээрээ ноцтой хохирсон аж.