Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн болжээ.
Тухайлбал, Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлах бөгөөд уг засварын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Харин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх замыг шинэчлэх ажил ням гарагаас эхлэх бөгөөд дээр дурдсан хоёр зам засварын ажлууд ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Зам засварын үеэр хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөн асфальтан хучилт хийх юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Нийслэлийн зургаан дүүргийн замын нүхэн эвдрэлүүдийг энэ сарын 10-наас засна. Одоогоор шөнийн цагаар нүхэн эвдрэлийг шороогоор дүүргэх, хүйтэнщ хучилт хийх, хөрөөдөх ажил хийж байна. Энэ сарын 10-наас асфальтын үйлдвэрүүд ажиллахаар нүхэн эвдрэлүүдийг бүрэн засна ” гэв. 13 байршлын замыг засахдаа хашлага суурилуулах, инженерийн шугам сүлжээг хүчитгэх ажлуудыг шөнийн цагаар хийх аж. Харин хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийх бөгөөд зам хаахаас 48-72 цагийн өмнө иргэдэд мэдээлэх юм байна.