Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дарга Т.Сүхболд өнгөрөгч Пүрэв гараг /2024.04.04/-т Сэлэнгэ аймагт ажилласан байдаг. Улмаар нэг албан хаагчийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2024.04.07/ 19:30 цагт хэрэгт холбогдоод буй цагдаагийн гурван алба хаагчийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Улмаар 48 цагийн хугацаанд тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийдэх аж.
Дашрамд дурдахад тухайн дөрвөн сэжигтэнг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм. Нэг алба хаагчийг энэ сарын 5-ны өдөр цагдан хорьсон билээ. Охины хувьд хамгаалах байранд байгаа хэмээн ХНХЯ-аас мэдэгдсэн юм.