Монгол Улс “Хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай” орон

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. 1993 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон шийдвэрлэсэн билээ. Хэвлэл эрх чөлөөтэй, нам, төр засгаас хараат бус байж, ард түмний дуу хоолой болдог. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг олон нийтийн, тухайн улсын иргэдийн эрх чөлөө гэж ойлгоход буруудах зүйлгүй.  Хэвлэлийн эрх чөлөөний асуудал дэлхийд анх тогтмол хэвлэл гарсан үеэс л хөндөгдөх болсон. Сэтгүүлч хүн цаг үеийн шинжтэй үйл явдал, үзэгдэл, нийгмийн тулгамдсан асуудлаар мэдээлэл бэлтгэхдээ хараат бус байх нь аль ч цаг үед чухал. Гэхдээ бодит амьдралд хэвлэлийн эрх чөлөө нь хууль эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн байдал, улс төрийн хүрээнээс хамаардаг болоод байна. Тиймдээ ч Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн байхгүй.

Өдгөө Монголын сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөө хаахна явна вэ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай дөрөвхөн заалттай боловч их сайн боловсруулсан хуультай ч сүүлийн үед сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөөг боомилох, мохоох явдал гарах боллоо. Мөн сэтгүүлч уран бүтээл туурвиад эрүүгийн хууль зөрчсөн гэж буруутгагдан шүүхийн хаалга татах эрсдэл бодитоор бий болсон.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2021 онд Монгол Улс “Хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай” орон байлаа. Цаашлаад  2021 онд 68 дугаар байрт жагссан. Үүнд мэдээллийн салбарынхан болоод олон нийт хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг, төрийн зүгээс уг эрх чөлөөг хазаарлах гэсэн удаа дараагийн оролдлогын эсрэг нэгдэж чаддаг нь дээрх үзүүлэлтэд нөлөөлсөн байдаг.  Гэтэл 2024 онд дахин ухарч 90 дүгээр байрт оржээ. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө заналхийлэл, дарамтад өртөж буй тохиолдол, жишээ олон. Тиймээс хэвлэл мэдээлллийнхэн нэгдэн дархлаагаа хамгаалж, тэмцэж чаддаг байх ёстой  болж байна. Тиймдээ ч энэ жилинйн хувьд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг хэвлэл мэдээлллийнхэн болон МСНЭ  “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” сэдвийн дор нэгдэн цуглаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлнэ.