Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Үүнтэй уялдуулж, Засгийн газар тавдугаар сарын 1-нээс уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан билээ. Тэгвэл уг хуулийн төслийг дагаж өөрчилсөн хуулиуд "Legalinfo.mn" эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршиж эхэлжээ.
"Эрдэнэс Монгол" XXK-ийн 2023 оны үйл ажиллагаанаас олсон 34 хувь хүртэлх ногдол ашиг болох 500 тэрбум төгрөгийг "Хуримтлалын сан"-д төвлөрүүлж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Манай улс Ипотекийн зээлийн хөтөлбөрт ихдээ 750 тэрбум төгрөгийг 2021, 2022 онд гаргаж байсан бол энэ онд орон сууцны зээлд 1.2 их наядыг зарцуулахаар болсон.
Үндэсний баялгийн сан
- Ирээдүйн өв сан /баялгийн сангаасаа ирээдүйдээ хадгалах/
- Хуримтлалын нэгдсэн сан /сангийн хөрөнгийн өнөө үедээ эрүүл мэнд, боловсрол, орон сууц авахад зарцуулах боломжийг бүрдүүлэх/
- Хөгжлийн сан буюу дунд хугацааны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой гурван сангаас бүрдэж буй.
Эдгээр сангаас юуны өмнө "Хуримтлалын сан"-г үүсгэнэ. Тодруулбал, нөгөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр "Хуримтлалын сан"-г үүсгэж, нийтэд зарлах бөгөөд ингэснээр Засгийн газраас мэдээлэлдээ дурдсан 10000 айлд Ипотекийн зээл олгох ажил албан ёсоор эхлэх ба Монголбанкнаас арилжааны банкууд руу санхүүжилтийг хуваарилж эхлэх юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн ярьснаар, төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх эх үүсвэрийг санд хуримтлуулж, үүнийг орон сууцны хөтөлбөрт эргэлтийн хөрөнгөөр санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Тэрбээр “Төв банк эх үүсвэр гаргаж, 500 хүртэлх тэрбум төгрөг нэмэгдэнэ. Эргэн төлөлтөөс буюу банкууд өөрсдийн эх үүсвэрээрээ 200 тэрбум төгрөг хүртэл эх үүсвэрийг гаргана. Энэ 500 тэрбум төгрөг нэмэгдэхээр нийт 1.2 их наяд төгрөгийн Ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна гэсэн үг. Энэ 1.2 их наяд нь үндсэндээ арваад мянган иргэний гар дээр очих 10000 байр шинэ эздэдээ очих боломжийг бүрдүүлж байгаа. Энэ бүх хэрэглээний зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна гэсэн үг” гэлээ.
Тиймээс иргэн таны бүрдүүлсэн материал шаардлага хангасан тохиолдолд Ипотекийн зээлд хамрагдах боломж ийнхүү энэ сарын 9-нөөс нээлттэй болж байна. Мөн энэ хүрээнд Монголбанкнаас иргэн бүрд хуримтлалын данс нээж байгаа бөгөөд И-Монголиа аппликейшнээр иргэд дансаа хянах боломжийг бүрдүүлэх юм. Монгол Улсын иргэн бүр "Е Монголиа"-д Хуримтлалын данстай болгож байгаа нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын гардан хийж буй томоохон шинэчлэлийн нэг юм. .