Улсын физикийн 35 дугаар олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ

Өнөөдөр Улсын физикийн олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 сурагч Мөрөн хотод цуглаад байна.
 
Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм.
 
Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөж байна.
 
Азийн физикийн олимпиадаас Улсын физикийн олимпиад хүртэлх нэг жилийн хугацаанд Монголын физикийн багш нарын анхдугаар сургалт-зөвлөгөөн, физикийн багш нарын шилдэг мэргэжлийн бүлэг шалгаруулах уралдаан, нийслэл, аймаг орон нутгийн багш, сурагчдыг хөгжүүлэх төлөвлөгөөт сургалт-үйл ажиллагаа зохион байгуулагдсан.
 
Мөн Азийн физикийн олимпиадад ашигласан физикийн хичээлийн туршилтын 240 багц багажийг 240 сургуульд, МУБИС-ийн "МОНОЦҮКҮРИ ТӨВ"-д үйлдвэрлэсэн 300 багц багажийг 45 сургуульд тус тус олгоод байна.
 
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгаснаар 2030 он гэхэд уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбарт 30,000 инженер шаардлагатай. Тиймээс физикийн хичээлийг шимтэн суралцагч, физикийн шинжлэх ухааныг бахдан бишрэгч хүүхэд залуучууд, багш, эрдэмтэн та бүхний хийж гүйцэтгэх ажил, үүрэг оролцоо чухал гэж БШУЯ-наас мэдээллээ.