Төв талбайн ойр орчим, дүүргүүдэд таримал цэцэг суулгаж нийслэл хот өнгөө засаад буй. Нийслэлээс 99 байршилд 15 зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн байгаа бөгөөд одоогоор 150 мянга гаруй цэцэг суулгаад байгаа аж. Харамсалтай нь, иргэд Төв талбай орчимд суулгасан цэцгийг шөнөөр хулгайлах тохиолдол ихэсчээ.Энэ талаар Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Улаанбаатар хотын Хот тохижилтын газар Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчим гээд 99 байршилд 15 зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ойрын өдрүүдэд өвлийн турш хүлэмжид ургуулсан цэцгүүдийг гарган ирж тарьж, хотоо гоё болгох гэхээр хулгайлаад явах тохиолдол их гарах боллоо. Талбайн орчмоор ялангуяа үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг байгаа учраас алдагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан ба 30 хувийн гүйцэтгэлтэй явна. Тиймээс бид алдагдсан цэцгүүдээ нөхөж, тарих ажил бас нэмэгдлээ.
Одоогоор цэцэг тасалсан хүмүүст эхний удаад сануулга мэдээлэл тарааж байна. Дараагийн удаад цагдаагийн байгууллагад хандаж, торгох асуудлыг ярина. Уг нь хамтдаа хотоо арчлаад гоё болгоод авчихвал сайхан шүү дээ. Иргэн бүр гудамжнаас цэцэг хулгайлж хумсалж байгаа хүн таарвал шаардлага тавиарай гэж хүсэх байна" гэлээ.