Бага ангийн хүүхдүүдэд интернет болон олон нийтийн мэдээллийн сайтад нэвтрэх боломжтой ухаалаг утас биш, зөвхөн мессеж бичих, залгах боломжтой утас ашиглуулахыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Эцэг эхчүүд 16 болон түүнээс доош насны хүүхдэд ухаалаг утас хэрэглүүлэхдээ эцэг эхийн хяналтын функцийг идэвхжүүлж, 13 нас хүрээгүй бол олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлахыг Их Британийн технологийн EE компани зөвлөжээ. Эдгээр алхмууд нь "дижитал ертөнцөд хүүхдүүдийг хамгаалах" зорилготой гэж EE онцолсон байна. 5-7 насны хүүхдүүдийн бараг дөрөвний нэг нь одоо ухаалаг утас хэрэглэдэг талаар харилцаа холбооны зохицуулагч “Ofcom”-ын дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар тодорхой болсон.
Дөрөвдүгээр сард “Parentkind” буяны байгууллагаас явуулсан санал асуулгад таван эцэг эхийн дөрөв нь буюу 83 хувь нь ухаалаг утас хүүхэд, залуучуудад "хортой" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол 58 хувь нь 16-аас доош насныханд гар утсыг хориглохыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
16-аас доош насныханд утсыг бүрэн хориглох асуудлыг Засгийн газар авч үзэх ёстой бөгөөд дэлгэцийн цагийг хязгаарлаж, онлайн хор хөнөөлтэй тэмцэхийн тулд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай гэж Их Британийн Төрийн ордны Боловсролын хороо тавдугаар сард мэдэгдсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх Засгийн газар Английн сургуулиудад хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг зогсоох зааварчилгааг өгсөн. "Internet Matters" онлайн аюулгүй байдлын группийн гүйцэтгэх захирал Каролин Бантинг "Энэ санаачилга нь цаг үеэ олсон бөгөөд маш их хэрэгтэй байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ тэдэнтэй холбоотой байж, дижитал технологийн ашиг тусыг мэдрэхийг хүсдэг ч онлайн аюулгүй байдалд санаа зовдог.
https://www.standard.co.uk/news/tech/children-mps-keir-starmer-ofcom-government-b1178326.html