ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин албаны айлчлал хийхээр Монгол Улсад газардсан нь дэлхийн улс орнуудын шүүмжлэл, эсэргүүцэл, тулган шаардлагатай нэгэн зэрэг тулгараад байна. Учир нь, В.Путинийг Олон улсын эрүүгийн шүүх (ICC) баривчлах тушаал гаргаснаас хойш тус шүүхийн гишүүн оронд айлчилж буй анхны тохиолдол гэдгээрээ энэ удаагийн айлчлал олон улсын анхааралд ороод байгаа юм. Украйны тал В.Путинийг Монголын тал баривчлан Олон улсын эрүүгийн шүүхэд тушаах ёстой гэдэг байр суурийг ил тодоор илэрхийлсэн бол харин Кремль үүнд санаа зовохгүй байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 2 буюу өнгөрсөн баасан гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий С. Песков “Ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй. Бид Монгол дахь нөхөдтэйгөө энэ талаар их хэлэлцсэн” гэсэн билээ.
“ICC”-ийн баривчлах тушаалыг үл харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар В.Путин Монгол Улсад айлчилж байгаа нь Москва одоо хүртэл Монголд нөлөөлөх хүч нь их гэдгийг харууллаа хэмээж байгаа бол Берлин дэх Карнегийн Орос-Евразийн төвийн захирал Александр Габуев энэ айлчлалыг “Путиний хувьд ялалт” хэмээн тодотгосон.
Харин энэхүү айлчлалын үеэр монгол залуус тэр дундаа “NoWar" хөдөлгөөнийхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхлэн жагссан. Айлчлалыг эсэргүүцсэн "NoWar" хөдөлгөөний зургаан залууд цагдаагийн алба хаагчид сануулга өгөн буцаасан байдаг.
Тэгвэл Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон Консулын төлөөлөгчийн газрууд, Элчин сайдын яамд тэр дундаа Бельги, Швед, Польш, Канад, Австрали, Франц, Итали Япон, Чех улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалыг илтэд эсэргүүцэн “StandWithUkraine” “Бид Украйнтай хамт” хэмээн Украйныг дэмжиж, В.Путиний айлчлалыг эсэргүүцэж буйгаа нэгэн зэрэг илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг татсан онцлохүйл явдал боллоо. Тодруулбал, хоёр жил гаруйн хугацаанд В.Путин Украин улсын эсрэг хууль бус түрэмгийллийн дайн хийж байна. Герман улс олон улсын түншүүддээ Путиний түрэмгийллийн дайныг илт буруушаахыг уриалж байна. Энэ дайн зөвхөн Украин улсыг довтолсон хэрэг бус мөн манай дүрэмд суурилсан олон улсын дэг журамд халдсан явдал гэсэн бол Австри улс Украины эсрэг явуулж буй Оросын түрэмгийллийн дайнтай холбоотой дайны гэмт хэрэг болон бусад хамгийн ноцтой гэмт хэрэгт бүрэн хариуцлага тооцох бүх хүчин чармайлтыг дэмжиж байна. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн үүрэг, Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн доторх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг адилхан дэмжиж байна хэмээн байр сууриа илэрхийллээ.