ХААН, Голомт банк, Улсын бүртгэлийн ажилчид нэг хүний мэдээллийг 500 мянгаар зарсан гэв үү

Сүүлийн үед арилжааны банкуудтай холбоотой гомдол тасрахгүй болсон. ХААН банк гэхэд иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс дураараа авч, зарцуулдаг. Байсхийгээд л шимтгэл нэрээр мөнгө татчихдаг гэх гомдол тасардаггүй. Харин сүүлд мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаас их хэмжээний мөнгийг дуртай үедээ гарган авч хоосолдог байсан Хаан, Голомт, Төрийн банкны найман ажилтан, Улсын бүртгэлийн долоон ажилтныг цагдаагийн байгууллагаас баривчилсан талаарх мэдээлэл олны анхааралд ороод буй юм.

Тэгвэл тухайн хэрэгт Налайх дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Э.Өнөрцэцэг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Б.Цэрэнлхам, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Д.Гэрэлт-Од, Голомт банкны ажилтан Т.Баттулга, Хэнтий аймгийн Хаан банкны ажилтан Ч.Доржханд, Г.Наранцэцэг нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж буй юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2 /Зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 18.6 дугаар зүйлийн 18.6.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Мөнгө угаасан/, 26 дугаар зүйлийн 26.1.6.1 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Кибер орчинд хууль бусаар халдах/ хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, "Өмнө ял эдэлж байсан Б, Ч, Г, М нар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т болон мөрийтэй тоглоом тоглодог Б, П, Т нартай бүлэг зохион байгуулалтад орж, 80 орчим иргэний  дансны болон тоон гарын үсгийг дээрх хүмүүсээс хууль бусаар гаргуулан, тухайн иргэдийн данснаас их хэмжээний мөнгийг бусдын данс руу шилжүүлэн авдаг байжээ. Харин дээрх албан тушаалтнууд нэг иргэний хувийн мэдээллийг 500 мянган төгрөгөөр тооцон худалддаг байж болзошгүй нөхцөл байдал мөрдөн байцаалтын үеэр илэрчээ.

Мөн тухайн албан тушаалтнууд хууль бусаар олсон орлогоороо 550 сая төгрөгийн үнэ бүхий арав орчим тээврийн хэрэгсэл худалдаж авсан байж болзошгүй байгаа бөгөөд тэдний оршин суугаа газраас 50 орчим сая төгрөг бэлнээр, 55 ширхэг гар утас, үүрэн холбооны операторын 32 ширхэг сим карт, банкны виза карт 11 ширхгийг тус тус хураан авчээ. Энэ нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө ямар ч хамгаалалтгүй байгааг нотолж, Төв банк энэ мэт хууль зөрчсөн ноцтой үйлдэлд огт хяналт тавьдаггүйн хор уршиг юм.