Бэлтэс мөрөн” ХХКнь иргэдийн мөнгийг өсгөж өгөх нэрийдлээр 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10:00 цагт эхэлнэ.
Тус шүүх хурал нь өнгөрсөн есдүгээр сарын 5-нд болсон боловч улсын яллагчдаас шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийж дуусаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Энэ шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, хоёр улсын яллагч, яллагдагч, хохирогчдын 12 өмгөөлөгч гээд нийт 70 гаруй хүн оролцох юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар "Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагчид болох С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.