“Meta” компанийн хувьцааны ханшийн өсөлт үргэлжилснээр Марк Зукерберг Жефф Безосыг гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд анх удаагаа хоёрдугаарт бичигдэж эхэллээ. “MetaVerse” нь сүүлийн саруудад үр өгөөжөө өгч эхэлснээр Марк Зукербергийн нийт хөрөнгийн хэмжээг 206.2 тэрбум ам.долларт хүргэжээ. Хэдий тийм боловч энэ нь “Tesla”-ийн Илон Маскийн хөрөнгөтэй харьцуулахад бараг 50 тэрбум ам.доллароор бага байгаа юм. “Meta” энэ оны II улиралд шинжээчдийн төсөөллөөс давсан борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнаж, мөн хиймэл оюунт чатботуудад зориулагдсан их хэлний модельд төвлөрч ажиллахаа зарласнаас хойш хувьцааны ханш нь 23 хувиар өсөөд байна. Улмаар пүрэв гарагт “Meta”-ийн нэгж хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, 582.77 ам.долларт хаагджээ.