Эрдэнэтолгойн уулзвар, Цагдаагийн гудамжны замыг өнөөдрөөс засна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй зам засвар болон энэ долоо хоногт засварт орох замуудын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
 
Тодруулбал, "Да хүрээ" зах өнөөдөр буюу Даваа гарагт амрах учир Эрдэнэтолгойн уулзвараас "МТ" ШТС-ын уулзвар хүртэлх авто замын ажил эхэлж байна.
 
Тус зам нь 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээтэй бөгөөд засварын ажлыг аравдугаар сарын 7-8-нд хийж дуусгахаар төлөвлөжээ.
 
Эрдэнэтолгойн уулзварын замыг засаж дууссаны дараа аравдугаар сарын 8-нд Цагдаагийн гудамжны зам засварын ажил эхэлнэ.
 
Ингэхдээ эхний ээлжид Оргил худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр, дараагийн ээлжид Хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх замыг засах юм.
 
Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан өдрийн цагаар замын хучилтыг хийж байгаа юм гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.