Сайд О.Алтангэрэл Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус газарт ажиллалаа.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр байгууллагын бүтэц зохион байгуулалт, виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн тоон мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг 4 ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үеэс 3,2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдээд байна. Ийнхүү техник технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж цахимжуулах, мөн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн үндэс нь 2020 болон 2023 онуудад хийгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан юм.

Уулзалтын төгсгөлд байгууллагын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид хийгдэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цагаачлалын чиглэлээр суурь судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг жигдрүүлэх асуудалд анхаарч ажиллах талаар чиглэл өгөв.

Тус уулзалт, арга хэмжээнд Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг болон Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.