Өмнөговь аймагт энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр есөн настай хүү хурдан морь хөлсөлж байх үедээ мориноос чирэгдэн амиа алдсан байна. Мориноос унаж амиа алдсан хүү “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр морь хөлслөх ажилд оролцсон байжээ.
Амиа алдсан хүүгийн ээж “Манай гэр бүлээс зөвшөөрөл авалгүйгээр морь унуулж ийм осол гарсанд гомдолтой байна. Мөн эмнэлэгт хүргэснийг цаг тухайд нь хэлээгүй, би хамгийн сүүлд л мэдэж ирсэн” хэмээсэн байна.
Иймд тухайн морины эзэн “өөрийн уяж сойж буй морийг шаардлага бүхий хувцас хэрэгсэлгүйгээр, насанд хүрээгүй буюу есөн настай хүүхдэд унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгч буюу тухайн морины эзэн, хохирогч хүүгийн гэр бүлд оршуулгын зардал хэмээн 24.5 сая төгрөг өгсөн бөгөөд хохирогчийн талаас дахин сэтгэцэд учруулсан гэм хорын төлбөр хэмээн 190 сая төгрөгийг нэхэмжилжээ.
Тус гэмт хэрэгтэй холбоотой шүүх хурал өнгөрөгч сар буюу аравдугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд морины эзэнд хохирогчийн гэр бүлд 132.2 сая төгрөгийг олгох, мөн хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.