Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 14-ний өдөр Ховдын Мөст, Ховд, Манхан, Говь-Алтайн Тонхил, Бугат, Есөнбулаг сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.