Туркийн хойд нутагт орших цанын баазад гал гарсны улмаас 76 хүн амиа алдаж, 51 хүн түлэгдэж гэмтжээ.
Болу мужийн захирагч Абдулазиз Айдын ярьснаар, Карталкая цанын баазын зочид буудлын зоогийн газрын байранд гал гарч, богино хугацаанд тархсан байна. Гал сөнөөгчид 10 цагийн турш тэмцсэний эцэст түймрийг хяналтад авсан гэж эрх баригчид Анадолу агентлагт мэдээлсэн ба гамшигт өртсөн газрын нөхцөл байдлыг хэвийн болгох ажил үргэлжилж байгаа аж.
Зэргэлдээх хотуудаас гал сөнөөгчид, гамшигтай тэмцэх ангиуд, нисдэг тэрэг бүхий эмнэлгийн баг ослын газарт иржээ. Тус улсын Хууль зүйн сайд Йылмаз Тунч уг хэргийг мөрдөн шалгахаар таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хороо, зургаан хүнээс бүрдсэн прокурорын ажлын хэсэг байгуулсан гэдгээ мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зочид буудлын эзэн тэргүүтэй дөрвөн хүнийг баривчилжээ. Галын шалтгааныг тогтоох шинжээчдийн хорооны шалгалт үргэлжилж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт есөн хүнийг саатуулсан гэж Дотоод хэргийн сайд А.Ерликая хэлжээ.