Цана, чарганаас унаж бэртэж, гэмтсэн 200 гаруй дуудлага бүртгэгджээ

Утааны бохирдол их, томуу томуу төст өвчний дэгдэлт ид  энэ үед  ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор төр, засгаас иргэд, хүүхэд багачуудаа аль болох агаарт гарч амарч зугаалах боломжийг нээж өгсөн.

Тодруулбал, сурагчдын амралттай  холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрүүлэх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргаад байгаа билээ. Тиймээс иргэд амралтын өдрөөрөө Тэрэлж, Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах нь ихэссэн ч  цана, чарганаас унаж бэртэх тохиолдол эрс ихэсчээ. Найм хоногт 200 гаруй бэртэж, гэмтсэн дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ талаар ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн эмч А.Шинэжил: "Бэртэж, гэмтсэн хүүхдүүд олноор ирж байна. Цана чарганаас унаж бэртсэн, дайруулсан тохиолдол ихэссэн. Бага насны хүүхдүүд дийлэнх байна. Тиймээс эцэг, эхчүүд агаар салхинд гарахдаа хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй байна. Хөл, гараа гэмтээхээс гадна тархи толгойндоо хүнд гэмтэл авч байна. Мөн сүүлийн үед осгож, хөлдсөн гэх дуудлагын тоо олширсон. Өнгөрсөн онд 460 ийм тохиолдол бүртгэгдэж байсан бол  шинэ оны эхний 21 хоногт осгосон гэх дуудлагын 49 тохиолдол бүртгэгдлээ. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ осгож, хөлдөн хөл гараа тайруулах эрсдэл үүсэж байна. Удахгүй хүйтний эрч чангарна. Тиймээс иргэд дулаан хувцаслаж, хөдөө орон нутаг руу зорчихдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгийн гол нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж  байна" гэлээ.