Хүүхэд залуучууд ирээдүйд амжилттай хувь хүн болж төлөвшихөд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, боловсролыг чанартай, үнэ төлбөргүй хүргэхээр “Think BIG” буюу Томоор сэтгэ” төслийг Жэй си ай гранд салбар хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү төсөл нь алслагдсан хороо дүүрэг болон орон нутгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих, дээд боловсрол эзэмшихэд туслах, улмаар амьдралынхаа чанарыг дээшлүүлэх замыг нээхэд чиглэгдэж байгаа аж. Энэ жилийн эхний төвийг Сонгинохайрхан дүүрэгт нээгдлээ.
Жэй си ай гранд салбарын 2025 оны ерөнхийлөгч Б.Солонго: “Жэй си ай салбар байгууллага 17 салбартай. Түүний нэгэн Жэй си ай гранд салбар 2019 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийгэм хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. 2025 оны анхны төслийн үйл ажиллагаа эхэлж байгаа. Энэ нь “Think BIG” буюу “Томоор сэтгэ” төсөл юм. Төслөө дүүрэг болгонд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Анхны сургалтын төвийг Сонгино хайрхан дүүрэгт нээсэн. Сонгино хайрхан дүүрэг хүн ам ихтэй, алслагдсан хороо олонтой учраас “Think BIG” буюу Томоор сэтгэ” төслөө эхлүүлж байгаа.
Төслийн гол зорилго нь Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд хотын төвд очиж ямар нэгэн нэмэлт сургалтад хамрагдах боломжгүй учраас хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвийг нээж байгаа. “Томоор сэтгэ” төслийн сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүд 100 хувь үнэ төлбөргүй хамрагдана. Сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдэд гадаадын тэтгэлэгт төлбөрт хамруулах, дэлхийн боловсрол олгоход чиглэж урт удаан хугацаатай явагдана.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 60-80 хувь нь гэр болон байшин амьдардаг гэсэн судалгаа гарсан. Энэ дүүрэгт нэг биш нэлээд сургалтын төв хэрэгтэй. Гэхдээ бид тэнцвэртэй байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Хамгийн их оршин суугчид амьдардаг газарт сургалтын төвөө нээх зорилготой. Эхний ээлжид алслагдсан хороо, дүүрэгт сургалтын төвөө нээнэ. Цаашлаад аймаг сум баг гээд нээх боломжтой бүх газарт сургалтын төвийн үйл ажиллагааг явуулна. Энэ төвд хүүхдүүд чөлөөт цагаар ном унших, хичээлээ хийх, нөхөрлөх боломжийг нээж өгнө. Манай төв 20 хүүхэд хүлээж авах боломжтой. Сургалтаа хувь хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлнэ. Олон хүүхдийг хамруулах зорилготой байгаа” гэв.