Шаардлагатай тохиолдолд Налайхад хөл хорио тогтооно

Налайх эрүүл мэндийн төвөөс гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор дараах мэдээллийг өглөө. Дүүргийн шуурхай штаб "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний 08:35 цагт гурван нас долоон сартай эрэгтэй хүүхэд "Нарны элч" өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халуурч, асран хамгаалагчид нь үзүүлэхээр авчирсан.  Өрхийн эмч анхан шатны үзлэгээр менингококк өвчний шинж тэмдэг илэрсэн гэж үзэж, өрхийн эрүүл мэндийн төвийн машинаар Налайх дүүргийн халдвартын тасагт хүргэсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн тандалтын албанд 10:20 цагт мэдээлж, лабораторид шинжилгээ өгсөн. Харин өчигдөр 17:50 цагт шинжилгээний хариу эерэг гарч менингококк болохыг нь тогтоосон. Дүүргээс хариу гарсан даруйд Онцгой комиссын шуурхай штабыг яаралтай хуралдуулж, хариу арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ. 

Халдварын тохиолдол илэрсэн хүүхэд өдгөө ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд тандалтаар тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж, тандалт шинжилгээ хийжээ. Хүүхдийнх ам бүл наймуулаа. Гэрийнхнээс нь мөн шинжилгээ авчээ. Шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтоох бөгөөд одоогоор хязгаарлалт хийх шийдвэр гараагүй байгаа аж. Тандалтын зургаан шинжилгээний хариу бүгд сөрөг гарч,  халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор 25 сургууль, цэцэрлэг, байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлжээ. Мөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглосон байна.