БЭТ Ж.Батзанданг үл тоож буй тул тэрбээр ард түмнээсээ дэмжлэг хүслээ

Засгийн газрын БЭТ Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг стратегийн ордуудын хэдэн хувийг төр авах уу, ард иргэд хэрхэн өгөөжийг нь хүртэх вэ гэсэн хувилбарыг гарган харин эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах учиртай. Ингэхдээ тус ажлын хэсэг төр хувийн хэвшил аль аль нь хожих хувилбарыг гаргаж, санхүү хуульч, шинжээчдийн дүгнэлтэд үндэслэх ёстой юм. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ бол нөөцийг нь хувийн хэвшил өөрөө тогтоосон бол 34 хувь хүртэл, хэрэв нөөцийг нь улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон бол 50 хүртэлх хувийг эзэмших хууль бий. Тэгэхээр энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Жишээ нь, 34 хувийг нь төр эзэмшлээ гэхэд эцсийн үр дүндээ Үндсэн хуулийн 6.2 буюу газрын хэвлийн баялгийн дийлэнх хувийг ард түмэн эзэмшихэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар байх уу, ус бохирдуулсны төлбөр байх уу, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байх уу чямар, ямар төлбөр татварыг авч байж  газрын хэвлийн баялгийн 51 хувийг эзэмших вэ гэдэг тэр босгыг давах ёстой болно. Тэгэхээр төрийн эзэмшлийн 34 хувь байна уу, 50 хувь байна уу, түүн дээр хэлэлцээр хийгээд, тэр хэлэлцээрээр ард түмэнд ирэх ногдол ашгийг л 51 хувьд хүргэх ёстой.

2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн 16 ордыг тодорхойлсон. Үүний есөн орд нь хувийн хэвшилд байгааХувийн хэвшлүүд төрийн эзэмшлийн 34 хувь дээр хэлэлцээр хийнэ. Төрд 34 хувиа өгөх үү. Энэ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах уу. Эсвэл Оюутолгойтой ижил 34 хувиа аваад явах уу. Үүнийг шийдэх эцсийн шийдвэр УИХ-аас гарна.

Энэ ажлыг хурдлуулах үүднээс Засгийн газрын БЭТ буюу Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудалд  хэлэлцээр хийх үүрэг бүхий БЭТ-ийг томилсон. Тэгэхээр Засгийн газрын БЭТ Ж.Батзандан хэлэлцээр хийхдээ заавал мэргэжлийн санхүүгийн болон байгаль орчны шинжээчийн баг, хууль эрх зүйн цаашлаад уул уурхайн салбар учраас технологийн баг оруулна. Эндээс мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслээд хувилбаруудаа ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэгт танилцуулах учиртай. Гэвч энэ ажил хойрго удаашралтай байгаа бололтой. Нөгөөтэйгүүр, БЭТ-ийг хувийн хэвшлийн удирдлагууд үл тоон, хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсэхгүй байгаа гэх мэдээлэл байна.  Энэ нь ч үнэний ортой бололтой. Учир нь,  БЭТ Ж.Батзандан ард түмний нэрийг бариад, тэднээс тусламж хүсчээ.  Тодруулбал, Ж.Батзандан Стратегийн орд болгоны ард нэг сайд, УИХ-ын гурван гишүүн байна. Тавдугаар сарын 1-ны дотор хэлцлээ хийж, "Баялгийн сан"-д өгөх ёстойгоо өгөхгүй бол би ард түмэнтэйгээ жагсаал хийнэ” хэмээн мэдэгдлээ.Түүний хувьд ард түмний нэрийг өмнөө барих зуршилтай. Энэ удаад ч ажил нь урагшлахгүй, өөрийг нь үл тоож буй учраас чаддагаараа жагсаал тэмцэлд уриалахаар  шийдсэн бололтой. Ард түмэн харин түүний далласан газар  ил гарч,далайсан газар далд орох болов уу даа.