“Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” нэг сарын аяны арга хэмжээ эхэлжээ

Өсвөр нас нь хүн амын харьцангуй эрүүл бүлэг боловч өвчлөл, нас баралт, осол гэмтэлд өртөх нь түгээмэл тохиолдож байна. Хорт бодисын хэрэглээ, донтолт, хоол тэжээлийн байдал (таргалалт, шим тэжээлийн хомсдол), хөдөлгөөний дутагдал, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, хүчирхийлэлд өртөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагддаггүй зэрэг асуудлууд нь өсвөр насанд болон тэдний амьдралын дараагийн үеүдийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг.

Гэхдээ өсвөр насныханд тохиолдож буй нас баралт, өвчлөл, осол гэмтлийн шалтгааны ихэнх нь урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой байдаг. Иймээс өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийт болон өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, ЭХЭМҮТ хамтран орон даяар “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” нэг  сарын  аяны арга хэмжээ өчигдөр эхэлжээ.

 

 Энэ арга хэмжээ 21 аймагт зохиогдоно. Энэ аяны хүрээнд НЕБ-ын 34 дүгээр  сургуулийн 9 дүгээр  ангийн сурагчдад ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн тасгийн эрхлэгч Г.Оюундарь , Нэгдсэн лабораторийн тасгийн эмч АУ-ны магистр Г.Гэрэлмаа, лаборант Э.Дөлгөөн нар сургалт зохион байгуулжээ. Сургалтаар, өсвөр үеийн бэлгийн бойжилт, нийгэм сэтгэл зүйн эрүүл мэнд, тулгамдсан асуудал, өсвөр үеийнхний бэлгийн боловсрол, биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэл, урьдчилан сэргийлэлийг орсон аж.  

Өсвөр үеийнхний хорт бодисын хэрэглээ, донтолт, хоол тэжээлийн байдал (таргалалт, шим тэжээлийн хомсдол), хөдөлгөөний дутагдал сэдвүүдийн хүрээнд удирдан явууллаа. Сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр  сургуулийн 9 дүгээр ангийн 243 сурагчид амжилттай оролцсон байна.