Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны II хуралдаан боллоо

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны II хуралдаан өнөөдөр /2025.04.29/ боллоо.

Хуралдаанаар оны эхний дөрвөн сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон цаашид гүйцэтгэх ажлын төлөвлөгөө зэрэг тайлан, танилцуулгыг тус сангийн Нарийн бичгийн дарга бөгөөд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хийж, хэлэлцүүллээ.

Энэ үеэр 2023 онд орон нутагт Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулсан 18 Төрийн бус байгууллагын гүйцэтгэлийн тайланд үнэлгээ хийхэд Дорнод аймгийн “Дорнодын талын хөтөч” НҮТББ-ынх шаардлага хангасан байна. Иймд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тус байгууллагын сургалтын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв. 

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуралдааны үеэр Удирдах зөвлөлийн гишүүдэд хандаж сангийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй явуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.