Монголд авто үйлчилгээний цахим системийг нэвтрүүлж буй "Цахим Дижитал Гараж" Компани нь Авто үйлчилгээний байгууллагуудын борлуулалтыг хялбаршуулах, илүү үр дүнтэй болгох зорилготой "Garage B2B" платформынхоо нээлтийг хийлээ.
Авто сэлбэгийн худалдан авалтыг хялбарчилж чадсан "Digital Garage" аппликейшныг жилийн өмнө хэрэглээнд нэвтрүүлжээ. Монгол Инженерүүд өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 16-нд автын салбарын байгууллагуудад зориулсан "Garage B2B" платформоо танилцуулсан юм.
- НЭГ ПЛАТФОРМ ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ -
"Цахим Дижитал Гараж" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Батхуяг: "Манай компани 2020 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, Автын болон IT инженерүүдээс бүрдсэн баг Автын салбарт зориулсан цахим бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Бид одоогийн байдлаар таван төрлийн бүтээгдэхүүн, аппликейшныг зах зээлд гаргаад байна. 2024 оны тавдугаар сард танилцуулсан "Digital Garage" аппликейшн нь автомашины улсын дугаарыг оруулахад зөвхөн тухайн автомашинд тохирох сэлбэгийг харуулдгаараа онцлогтой. Энэ нь хэрэглэгчдийг сэлбэг хайж цаг алдах, чанаргүй сэлбэг авах эрсдэлээс хамгаалж байгаа юм.
Харин өнөөдөр бид зургаа дахь бүтээгдэхүүн болох "Garage B2B" платформоо нээж байна. Энэ нь байгууллага хоорондын бөөний борлуулалтыг хялбарчилж, илүү ухаалаг болгох зорилготой онлайн систем юм. Ялангуяа хөдөө орон нутгийн хэрэглэгчид хот руу сэлбэг захиалах, олон газраас тус тусад нь авч, тээвэрлэх зэрэг үйл явцыг хялбарчилж, зөвхөн нэг системтэй харьцаад материал, сэлбэгээ захиалах, төлбөр тооцоогоо хийх, хүргүүлэх, баримтаа авах боломжийг бүрдүүлж байна. Мөн банк, ББСБ-уудтай хамтран дараа төлбөрт болон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгохоор ажиллаж байна.
Хуучин, шинэ гэлтгүй бүх автомашинд үйлдвэрээс нь хийгдэх ёстой техникийн сайжруулалт, засвар гэж байдаг. Энэ үйлчилгээ нь ихэвчлэн үнэгүй хийгддэг ч хүмүүс тэр бүр мэддэггүйгээс болж эд ангийг эвдэрсэн гэж үзэн солиулдаг. Манай "Digital Garage" аппликейшныг ашигласнаар автомашиныхаа улсын дугаарыг оруулаад, тухайн машинд ямар техникийн сайжруулалт хийгдэх шаардлагатайг мэдэж, Монгол дахь албан ёсны дилерүүдээр үнэгүй засвар үйлчилгээ хийлгэх боломжтой болно. Энэ ажил дээр бид Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байна" гэж ярилаа.
- СЭЛБЭГ ХАЙХ УЛАМ ХЯЛБАР БОЛЛОО -
"Форвард Моторс" ХХК-ийн Ерөнхий Захирал Г.Орхонтуяа: "Монголын залуус дэлхийн хэмжээний аппликейшныг хөгжүүлж, автын салбарт нэвтрүүлж байгаад баяртай байна. Урьд нь хүмүүс сэлбэгээ бариад хайдаг байсан бол одоо гэртээ сууж байгаад "Digital Garage" аппликейшнаар хэрэгтэй сэлбэгээ шууд олох боломжтой боллоо. Энэ бол маш том дэвшил. Нэг автомашинд 20-30 мянган төрлийн сэлбэг байдаг бөгөөд тус бүр өөрийн кодтой, үйлдвэрлэгч бүр өөр өөр стандарттай байдаг нь яг таарах сэлбэгийг олоход хүндрэлтэй байдаг. Харин өнөөдрийн нээлтээ хийж буй Garage B2B платформ энэ асуудлыг шийдэж, засварын газар болон сэлбэг нийлүүлэгч компаниудад анализ хийх, захиалгадаа хяналт тавих боломжийг олгож байна. Энэ платформ нь ажлыг хөнгөвчилж, дараагийн захиалгыг илүү оновчтой хийхэд туслах чухал ач холбогдолтой. Манай компани гэхэд найман компанийн албан ёсны эрхтэйгээр сэлбэг худалдаалдаг. Энэ платформд сэлбэгээ байршуулснаар манай бүтээгдэхүүн хөдөө орон нутгийн болон засвар үйлчилгээний газруудад илүү хялбар хүрэх боломж бүрдэж байна" гэлээ.
- "ЦАХИМ ДИЖИТАЛ ГАРАЖ" КОМПАНИЙГ "ЮНИКОРН" БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА -
Цахим Хөгжил Инновац Харилцаа Холбооны Яамны сайдын зөвлөх М.Тулгат: "Хувийн хэвшлийн "Цахим Дижитал Гараж" компани "Garage B2B" хэмээх автомашины сэлбэгийн зах зээлийг холбосон платформоо танилцуулж байгаад баяртай байна. Монголын авьяаслаг залуус менежментийн болон технологийн шинэ шийдлүүдийг зах зээлд санал болгож байгааг Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яамны зүгээс дэмжиж байна. Жишээлбэл, 1.3 сая хүн амтай Эстони Улс цахим технологийнхоо хүчээр зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум доллар давсан 10 "юникорн" компанийг бий болгосон. Монголчууд бид ч дижитал технологийн боломжийг ашиглан дэлхийн зах зээлд гарах ёстой. "Цахим Дижитал Гараж"-ийг ч бас "ЮНИКОРН" компани болоосой гэж найдаж байна" хэмээв.
Энэхүү шинэ платформ нь Монголын авто салбарын хөгжилд чухал алхам болж, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд олон талын ашиг тусыг авчрах хүлээлттэй байна.
Сэтгэгдэл үлдээх