Баруун болон төвийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +13...+18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +24...+29 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +24…+26 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

Энэ сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орно. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх