“Женко тур”-тай нэр холбогдсон, тендер хамдгаараа зартай Гадаад харилцааны сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилц!

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд хов хутгаж, Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрыг самарсан гэж шүүмжлүүлж буй Гадаад харилцааны сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж харлаа. Тэрээр хоёр жилийн өмнө өөрийнхөө орлогыг 392 сая төгрөг хэмээн мэдүүлж байж. Гэтэл дөнгөж жилийн дараа сайдын орлого 228 сая төгрөгөөр нэмэгдчихэж. Өөрөөр хэлбэл нэг жилийн орлого нь 620 сая төгрөг болсон гэсэн үг. Одоо гэр бүлийнх нь орлого руу өнгийе. Гэр бүлийнх нь орлого 2023 онд 366 сая төгрөг байсан бол өнгөрсөн онд 590 сая төгрөгт хүрч 224 сая төгрөгөөр нэмэгджээ. Тэрбумын дөрөвний нэг хэмжээгээр цойлж өснө гэдэг бол маш том тоо.

Харин өөрчлөгдөөгүй хэдэн тоо байна. 76 сая төгрөгийн нэг орон сууц, машингүй, 30 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 хурдан удмын адуу, 107 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй гэж өмнө нь мэдүүлж байсан нь яг тэр янзаараа сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт дурайж байна. Авлагагүй, 150 сая төгрөгийн зээлтэй аж.

Гадаад харилцааны сайд нь хамгийн олон компанид хувь эзэмшдэг гишүүдийн нэгэнд тооцогддог. Тодруулбал “Мөнхийн үсэг” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Азхур” ХХК, “Экопак” ХХК, “Баялгийн хувь” ХХК, “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК, “Эрдэнэс Монгол” ХК, “Эко цаас” ХК, “Батар интэрнэйшнл” ХХК зэрэг компанид хувь эзэмшдэг. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Женко тур” ХК-д хувь эзэмшдэг хэмээх мэдээлэл гарсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Эл баримт олон нийтэд “Женкотой ямар эрх ашиг сүлбэлдэж, энэ харилцааны цаана ямар бодит улстөр явагддаг бол?” гэх асуулт төрүүлж эхлээд буй.

Гурван Засгийн газар дамжиж сайд болсон, улстөрийн хувьд цаанаа том татаастай гэгддэг Гадаад харилцааны сайд лав л хэвлэлийн компаниудаараа дамжуулж тендер хамдгаараа зартай нэгэн. Тэр тухай нь ”Адмон”-ы захирал Р.Энхбат 2020 оны сонгуулийн өмнөхөн “Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудас хэвлэх ажилд ямар ч тендергүй шалгарчихлаа. 2012 оноос хойших сонгууль бүр дээр ийн шалгарч, олон тэрбум төгрөгийн орлого олсон “Монголын үнэт цаас” гэж олон жил үнэт цаас хэвлэж ирсэн нэг компани бий. Энэ сонгуульд “Мөнхийн үсэг” биш, “Монголын үнэт цаас хэвлэл” гэсэн нэрээр, нуугдаж орж байна. Тэр урилга, мурилга өгсөн гэж худлаа. Манайд лав урилга ирээгүй. Ардаа намтай, тэр намаасаа УИХ-д дэвшиж буй ийм хүмүүс бүх зах зээлийг эзэлж, юу ч үлдээхгүй бүгдийг нь хамж авна гэдэг бол үнэхээр хор, шар хөдөлмөөр муухай. Сайдын компани жирийн үед ч бүх тендерийг хусдаг. Яамд дээр эдний хүмүүс нь бэлчээд л явж байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд бараг 6 тэрбум төгрөг олсон шүү дээ, Б.Батцэцэгийн компани. Гурван тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр босгож болно. За, зургаан тэрбум төгрөгөөр бол тэгээд байшин, юутай хээтэй нь бүтээн байгуулна. Ийм мөнгөөр л энэ компани баярхаж байна даа” хэмээн ярьж байсан удаатай.

Одоо ч түүний хувь эзэмшдэг компаниуд тендер хамсаар буй. Тэр тухай мэдээллүүд хэвлэлээр хөвөрсөөр байна. Ингээд харахаар тендер хамагч сайд хөрөнгө орлогын мэдүүлгээ бодитоор нь мэдүүлдэг болов уу гэх эргэлзээ ч төрж эхэлж байна. Энэ бол АТГ-ын анхаарах, анзаарах өнцөг мөн үү гэвэл мөн.

 

Сэтгэгдэл үлдээх