Оюутолгойнхны ихэрхэл алдаа дагуулав

Нэг өдөр, нэг дор УИХ-ын дарга, Ерөнхий сайдгүй болов. Улс төр яаж ч бужигнасан төрийн ажил явж байх ёстой. Одоо тулгамдсан олон асуудлууд байна. Төсвөө батлахаас гадна ард иргэдийн сэтгэл чилээн хүлээж байгаа Оюутолгойн зээлийн хүүг он дуусахаас өмнө амжиж буулгах ёстой.

Хэрэв долоон жилд нэг удаа тохиолдох энэ боломжоо алдвал угаасаа банкны зээлийн хүүд дарамтлуулж байгаа иргэн бүрт ирэх төслийн хүүгийн дарамт үргэлжилсээр байх болно. Дотооддоо хямраад ирэхээр гадныхан хүртэл үл тоож, үл ойшоох тал бий. Саяны бужигнаан дунд УИХ-ын хяналтын түр хороог дуудахад Оюутолгойнхон хоёр удаа том толгойлж ирсэнгүй. Уг нь түр хороон дээр ирээд асуудлаа яриад, бидний мэдэх нь энэ, Риогийн мэдэх асуудал энэ гээд тайлбарлаад явчих газар зөрүүлээд сүржин мэдэгдэл гаргасан нь олон нийтийн дургүйцлийг асар ихээр хүргэсэн. Ер нь та нар дотоодын асуудлаа шийд, тэрний дараа бидэнтэй ярибал тэр биз гэсэн агуулга тэр мэдэгдлээс нь нэвт ханхалж байсан.

Үүн дээр Оюутолгой маш том алдлаа. Угаасаа иргэдийн дунд гал авалцахад бэлэн байгаа энэ үед тэд хамтран ажиллаад явчихад болох газар тактикийн том алдаа гаргалаа. Ирэх хэрэггүй гэж зөвлөсөн “мэргэн жараахай”-нуудад нь талархах нь зөв байх. Тэд Монголын хувьд УИХ, Засгийн газар хоорондоо алалцаад байна гэж бодсон биз. Өнөөдөртөө хуваагдалтай мэт байгаа ч том эрх ашиг дээрээ монголчууд нэгдэнэ гэдгийг тооцоолсонгүй дээ. Гадныхан монголчуудыг мэдэхгүй байна, нөгөө талдаа тэнд ажилладаг Монголоо гээсэн, гадааджсан монголчууд нь ч мэдрэхгүй байна л даа. Угаасаа тэнд удирдах албанд ажилладаг монголчууд нь гадаадад сургууль төгссөн бас иргэншлээ сольсон хүмүүс байдаг гэсэн яриа бий. Угаасаа гадны уул уурхайн компанид ажилладаг, эх орныхоо газрыг ухуулдаг нөхөд асуудал хаашаа ч эргэх үед нисэхэд бэлэн гадны иргэншилтэй болчихсон байдаг гэдэг.

Уг нь энэ асуудал дээр тал талд гараад дайсагналцаад байхын оронд асуудлаа сайхан шийдээд, нэгэндээ хүндэтгэлтэй хандаад явах нь ирээдүйн ажилд тустай. Дайсантай үзэх нь гэж бодож байгаа бол 3.5 сая монголтой үзэж таарна гэсэн үг. Одоо бол хуучных шиг хэдэн улстөрчдийг нь аргалаад асуудлаа шийдээд явна гэж бодож байвал бүх зүйл өөрчлөгдсөн. Иргэдийн ойлголт хандлага ч өөр болсон. Монголчуудыг 2009 онд гэрээ хийж байсан тэр үеийнхээр бодож байвал том эндүүрэл. Улстөрчид ч тэгж алуулахаа мэдэж байгаа учраас иргэдийнхээ үгийг сайн сонсдог болсон. Ийм үед өөрөөр ажиллахгүй бол Оюутолгой, Рио алдаа л гаргана шүү. Сая бол түр хорооны хурал дээр Оюутолгойнхны ихэрхэл алдаа дагуулав. Нээлттэй, харилцан хүндэтгэлтэй, эрх ашиг нь тэгш байвал монголчууд асуудлыг ойлгодог хүмүүс гэдгийг өнгөрсөн хориод жилийн хугацаанд мэддэг болсон баймаар юм.

 

Сэтгэгдэл үлдээх