Х.Ганхуяг: Чөлөөт бүс нь зөвхөн татваргүй бараа худалдаалах газар бус Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортын гол гарц болох ёстой

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллалаа.

2025 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас нийт 136.9 мянган тонн ачаа импортолсноос Алтанбулаг боомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд тус боомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10 хувь нь чөлөөт бүсээр зочилжээ.

Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүс нь зөвхөн татваргүй бараа худалдаалдаг газар бус гэдгийг онцлоод, Монгол Улсын бүтээгдэхүүнийг Алтанбулаг боомтоор дамжуулан ОХУ болон Евро-Ази руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Тэрээр холбогдох удирдлагуудад хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний шаардлагад нийцсэн газар олголт, дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймгийн удирдлагуудтай нягт хамтран цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг үүрэг болголоо.

Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж байгаа тул холбогдох саналуудыг нэгтгэн боловсруулах шаардлагатайг анхаарууллаа.

Ажлын хэсгийн хүрээнд Шадар сайд Х.Ганхуяг Алтанбулаг автозамын боомтын нэгдсэн лабораторид мөн ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлж буй бараа, материалд заавал шалгах ёстой 468 үзүүлэлтийг 100 хувь бүрэн тодорхойлох чадавхыг бүрдүүлж ажиллах, хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний асуудлыг үндэсний аюулгүй байдал, хил, хорио цээрийн тогтолцоотой уялдуулан цогцоор нь шинэчлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх