2025–2026 оны хичээлийн жилийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг нийслэл болон орон нутагт харилцан адилгүй хугацаагаар зохицуулсан. Тодруулбал, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ангийн түвшнээс хамааран 4–5 долоо хоног үргэлжилж буй. Бага, дунд ангийн сурагчид бүтэн амралтаа эдэлж байгаа бол ахлах ангийнхны хувьд амралтын сүүлийн долоо хоногт хичээлийг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу аймаг, сум, багийн сургуулийн ахлах ангийн сурагчдын цахим хичээл эхэлсэн бол орон нутгийн бүх сургуулийн шинэ улирлын хичээл ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 19-нөөс албан ёсоор эхэлнэ. Ингэснээр орон нутгийн сурагчид нийслэлийн сурагчдаас хаврын улиралд нэг долоо хоногоор илүү амрах зохицуулалт хэрэгжих юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд нэгдүгээр улирлын амралт харьцангуй богино хугацаатай бөгөөд ирэх долоо хоногт ахлах ангийн сурагчдын хичээл цахимаар үргэлжилнэ. Улмаар нэгдүгээр сарын 26-наас нийслэлийн бүх ангийн сурагчид танхимын хичээлдээ бүрэн шилжих юм.
Сэтгэгдэл үлдээх