Цахим орчинд залилах гэмт хэрэг сүүлийн гурван жилд 34,3 хувиар өсчээ

Өнгөрөгч 2025 онд улсын хэмжээнд нийт 47,480 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 16,906 нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь нийт гэмт хэргийн 35,6 хувийг эзэлж байгаа бөгөөд залилах гэмт хэргийн 13,994 буюу 82,7 хувь нийслэлд, 2,912 буюу 17,3 хувь орон нутагт үйлджээ.

Улсын хэмжээнд нийт гэмт хэргийн илрүүлэлт 1,2 хувиар өсч гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учруулсан хохирлын 40,5 хувийг нөхөн төлүүлжээ.

Залилах төрлийн гэмт хэргийг цахимаар болон цахимаар бус гэж хоёр хуваан авч үздэг байна. Уламжлалт буюу цахим бус залилах төрлийн гэмт хэргийг хуурамч бичиг баримт ашиглах, гэрээ ашиглах, хөрөнгө оруулалт, виз мэдүүлэг, зээл барьцааны гэрээ, тээвэр зуучлал, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт төрлөөр үйлдэж байгаа аж. Манай улсад нийт 2,6 сая гаруй фейсбүүк идэвхтэй хэрэглэгч байгаа нь хүн амын 73%-ийг эзэлж байгаа ба  цахим орчинд залилах гэмт хэргийн тоо сүүлийн гурван жилд 34,3 хувиар өсчээ. 

Уг гэмт хэргийг үйлдлээр нь  ангилж үзвэл, 42,2 хувь нь онлайнаар бараа, үйлчилгээ захиалах, 11,3 хувь нь телеграмм /даалгавар биелүүлэх/, 9,1 хувь нь хандив, 8,1 хувь нь тэтгэмжтэй холбоотой, 6,0 хувь нь бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилах болон бусад хэргүүд орж байна. Ташрамд, өнгөрөгч онд үйлдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны есөн банкны 30,162 дансыг ашиглан үйлджээ.

Сэтгэгдэл үлдээх