Цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна

Дорнод аймгийн Халхгол суманд их хэмжээний цасаар шуурсны улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 6 цэргийн алба хаагч нийт таван нэгж техниктэйгээр ажиллаж байгаа билээ.

Цэргийн алба хаагчид өнөөдрийн байдлаар 5 бүлэгт хуваарилагдан Халхгол суманд хаагдсан зам давааг нээх, цасанд дарагдсан айл өрхүүдийн өвөлжөөг гаргах, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ зам дагуу таарч цасанд боогдсон автомашинуудыг татан гаргаж, иргэдийг болзошгүй эрсдлээс авран хамгааллаа.

Тэд ялалт тэмцлийн өлгий нутаг Халхгол сумынханд тусламжийн гараа ингэж сунгахын сацуу цасанд боогдоод удсан малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж явна.

Учир нь малчдад тусламж үзүүлж буй цэргийн алба хаагчдын дунд цэргийн эмч болох дэслэгч Д.Анхбаяр яваа бөгөөд тэрбээр бусад нөхөд нь хунгарласан өвөлжөөг цэвэрлэх хооронд гэрийн эздэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, даралт тогтворжуулах эмчилгээ хийхээс эхлээд тусламж дэмжлэгийг үзүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх