Ховд аймгийн VII сургуулийн 1-5 ангийг цахимд шилжүүлж, олон нийтийн арга хэмжээг хоригложээ

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд менингококкт /цахилгаан менингит/ халдварт өвчний хоёр тохиолдол батлагдаж, нэг хүүхэд нас барсан.  Уг өвчний анхны тохиолдол 2026 оны гуравдугаар сарын 3-нд зургаан сартай нярайгаас илэрч, эмнэлгийн хяналтад тусгаарлагдсан. Мөн цахилгаан менингитийн халдвар авсан долоон настай хүүхэд гуравдугаар сарын 12-нд энджээ.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой комисс хуралдаж сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоов. Тодруулбал, Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 20-ний өдрийг хүртэл түр хугацаанд цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулах олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, бүх төрлийн секц, дугуйланг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хориглосон байна. 

Сэтгэгдэл үлдээх