АТГ: ЗТЯ-ны албан тушаалтны 17 үл хөдлөх хөрөнгө, 637,7 сая төгрөгийн тээврийн гурван хэрэгслийг битүүмжилсэн

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгожээ. Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281.0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100.0 сая төгрөг, 30.0 мянган ам.долларын хахууль авсан байна. Түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хоёр хэрэгсэл болон 80.0 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй  тээврийн гурван хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Улмаар уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадалгаа хийлгэсэн хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх