Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүдийг дэмжих зорилгын хүрээнд Global Climate Partnership Fund (GCPF)-ын санхүүжилтээр GOPA Tech зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлийн салбарын харилцагчдад зориулсан урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны ажлыг өнгөрсөн оны 9-р сараас эхлэн 2026 оны 4-р сар хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ тайлагналаа.
Арга хэмжээний үеэр үйлдвэрлэлийн салбарын хаягдал усны менежментийг сайжруулах, Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн шийдлүүдийг танилцуулж, төр болон хувийн хэвшил, усны чиглэлийн зөвлөх төлөөллүүд санал бодлоо солилцсон юм.
Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа арга хэмжээг нээж үг хэлсэн бол GCPF байгууллагын Санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Quang Duy Bui цахимаар холбогдон уур амьсгалын санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан юм. Мөн Монгол Улсын ус ашиглалт, хаягдал усны өнөөгийн байдал, эрх зүйн орчны талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Ус сувгийн удирдах газрын төлөөллүүд мэдээлэл өглөө.







GOPA Tech байгууллагын олон улсын усны экспертүүд судалгааны ажлын тайланг танилцуулсан бөгөөд уг судалгаанд шингэн хүнс, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүний салбарын харилцагч байгууллагууд хамрагдсан юм. Судалгаанд Монгол Улсын цаг агаарын эрс тэс уур амьсгалд нийцсэн техник, технологийн шийдлүүд бүхий тайланг боловсруулсан нь онцлог байв.
Голомт банк цаашид усны нөөцийн тогтвортой менежмент, уур амьсгалд дасан зохицох чиглэлийн төслүүдийг дэмжин ажиллахаар дараах цэнхэр санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг шинээр танилцуулаад байгаа билээ.
· Усны дэд бүтцийн зээл (Улсын төсвөөс санхүүжих усны байгууламж, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх ажлын гэрээг барьцаалан олгох гэрээний орлого барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн)
· Саарал усны зээл (Ус дахин ашиглах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах хөрөнгө оруулалт хийх зориулалттай зээлийн бүтээгдэхүүн)
· Тогтвортой усан хангамжийн зээл (Усны нөөцийг хамгаалах, усыг үр ашигтай ашиглах, усны алдагдлыг бууруулах, бохир усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх эргэлт, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зээл) бизнесүүдийн тогтвортой шилжилтийг бодитойгоор дэмжин ажиллахаар зорьж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
Сэтгэгдэл үлдээх