Ардчилсан намаас “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэ үеэр АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Өөрчилье, бүтээе” хөдөлгөөн бол намын үйл ажиллагааг илэрхийлэх аян биш. Бид намаараа, үндэстнээрээ хөдлөх ёстой цаг ирлээ. Эрх баригчид тоглодог мөнгө тараадаг, иргэдээ санал өгөгч гэж хардаг энэ улс орон хол явахгүй. Өнөөдрийн монгол залуус, ахмадуудын хүссэн монгол биш болжээ.
Бидэнд засаж, өөрчлөх ёстой олон зүйл байна. Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө. Эр цэрэгт мордсон хөвгүүд ээждээ эргэж очдоггүй болсон эмгэнэлт явдлыг таслан зогсооно. Бизнес эрхлэгчдээ дарамталдаг өндөр татвар, зээлийн хүүгийн мөлжлөгийг өөрчилнө. Энэ өөрчлөлтийг Ардчилсан намын манлайллаар, ард түмэнтэйгээ хамт хийнэ. Бидний зорьж буй өөрчлөлтийн зүг чиг бол “Бүтээдэг Монгол”. Ардчилсан нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд салбар бүрийн 100 шийдэлтэйгээр оролцоно. Нэг сая орчим иргэнтэйгээ ойр ажиллаж, Монголыг өөрчлөх 100 саналыг тодорхойлж гаргаж ирнэ” гэв.
Сэтгэгдэл үлдээх