Эдийн засагт гарч буй эерэг мэдээ, өөрчлөлтүүд

УИХ-ын дарга Занданшатар улсын эдийн засгийн голлох хоёр инститүт болох Монголбанк, Сангийн яамны удирдлагатай уулзаж цар тахалаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар ярилцав.  Ярилцлагаас ихээхэн анхаарал татсан хэсгээс толилуулж байна.

Сангийн сайд Хүрэлбаатар: ---Корона вирусын тархалт нь манай улсын эмзэг цэгүүдийг илчилж өглөө. Монгол улс хүнс, эрчим хүч, нефть бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх хангах шаардлагатай байна---

Тэмдэглэл: Баярлууштай мэдээ. Тиймээ, цар тахал бидэнд ихийг ойлгуулж байгаа. Жаахан хожуу ч гэсэн эрх баригчид маань асуудлыг бодитоор ойлгож хүлээн зөвшөөрч байна. Ер нь эдийн засгийг ямар нэг хэмжээгээр бие даасан байлгах талаар, ийм үзэл баримтлалын талаар төрийн томоохон төлөөлөл урьд өмнө нь ингэж ярьж, хэлж байгаагүй л дээ. “Монгол улс суурь хэрэгцээнийхээ бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх ёстой, бид аль болох гаднаас хараат, хамааралтай байх нөхцөлийг багасгах ёстой” гэдэг бол миний үзэл баримтлалын гол зарчим бөгөөд энэ нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үндэс, суурь болно гэж би үздэг. Энэ талаар хэлдэг ярьдаг. Тиймээс сангийн сайдын хэлсэн энэ үг миний хувьд хамгийн их баяртай мэдээ байлаа.  

Сангийн сайд Хүрэлбаатар: ---5.1 их наяд төгрөгийг Ковид вирустай тэмцэх хүрээнд зарцуулна. Үүнээс 3.7 их наяд төгрөгийг гадны зээл тусламжаар санхүүжүүлнэ. Үлдсэн мөнгийг одоо байгаа төсөв дотроо санхүүжүүлнэ. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас авах зээл 1-2 хувийн хүүтэй байна. $720 сая долларын зээл бэлэн болсон, нэмээд $500 сая долларын зээл амжилттай хэлцэгдэж байгаа---

Тэмдэглэл: Бас л баярлууштай мэдээ. Санхүүжилтийн эх үүсвэр болон болжээ. Төсвөөс гадуур хамгийн багадаа 3.7 их наяд нэмж зарцуулна гэдэг манай эдийн засгийн хувьд тун багагүй тоо. Үүсээд байгаа хүндрэлийг хохирол багатайгаар даван туулхад ихээхэн нэмэр болох нь дамжиггүй. Харин төсвөөс зарцуулна гэсэн мөнгөө яаж босгох юм бол? Нэгэнт төсвөөс гэж хэлсэн юм чинь төсвийн төлөвлөсөн зарцуулалтын хаа нэгтэйгээс танах уу? Танахад ч асуудал байхгүй, шаардагдаж буй 1.4 их наяд байтугай мөнгөн дүнг танах боломтой. Ингэхээр бид хүссэн хүсээгүй төсвийн тодотгол хийнэ гэсэн үг. Харин хэзээ хийх бол? Энд л жаахан улс төр орох байх даа.

Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн: --- Монголбанк энэ жил шийдэх хоёр том өрийн асуудал бий. Нэгд, энэ 5-сард төлөгдөх ёстой ХХБ-ны $500 сая долларын өр. ХХБ-ны энэ зээлд засгийн газар баталгаа гаргаж өгсөн тул засгийн газар энэ өрийг төлнө. Монголбанкинд $4.2 тэрбум долларын нөөц байгаа. Энэ өрийг төлхөд асуудал байхгүй. Хоёрт, 7-сард Хятадын Ардын банкинд төлөх ёстой Своп хэлцлийн өр бий. Үүнийг бид 3 жилээр хойшлуулах боломжтой.---

Тэмдэглэл: Энэ жил төлөгдөх ёстой энэ хоёр өрийн талаар би өмнө нь Mongol HD “Хар Хайрцаг” нэвтрүүлэгт орохдоо дурьдаж асууж байсан. Хариулт нь энд байна. Баярлалаа. Гэхдээ энд хувийн банкинд асар их гадаад зээлийн баталгаа гаргаж өгдөг, түүнийгээ тэгээд Монголбанк төлдөг асуудал бол маш буруу бөгөөд шууд бус замаар ард түмнийхээ нуруун дээр хувийн банкны ачааллыг үүрүүлж байгаа хэрэг юм. Монголбанк ХХБ-нд өртэй байсан юм гэх тайлбар энэ эрсдэлтэй үйлдлийг зөвтгөж чадахгүй. 

Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн: --- Банкны салбарт реформ хийх шаардлагатай байгаа. Өмчлөлийн хэлбэрийн асуудал бий. Банкийг нэг хүний, нэг гэр бүлийн мэдлээс гаргаж олон нийтийн эзэмшлийнх болгох хэрэгтэй байгаа. Банкны салбарт хийх реформ, шинэчлэлийн стратеги, төслийг бэлдэж байгаа, удахгүй УИХ-д оруулна.---

Тэмдэглэл: Зөв шийдвэр. ОУВС угаасаа энэ л асуудлыг шийдэхийг, банкны эзэмшилийн бүтэцэд өөрчлөлт оруулахыг, банкуудыг public буюу олон нийтийн эзэмшлийн болгохыг 2018 оноос эхлэн шаардсан. Энэ асуудлыг шийдээгүйгээс болж 2019 онд Монгол улс FATF-ийн саарал жагсаалтад орсон. Бид хүссэн, хүсээгүй энэ өөрчлөлтийг хийнэ.

Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн: --- Монголын арилжааны банкуудад одоо 4 их наяд төгрөг сул байгаа. Зээл гаргах боломжтой. Төрөөс батлан даалт (даатгал) хэрэгтэй байна.---

Тэмдэглэл: Засгийн газартай эртхэн ярьж зохицох хэрэгтэй байж дээ. Одоо ч оройтоогүй. Гэхдээ засгийн газар бүхнийг батлан даахгүй шүү дээ. Банкнуудын өөрсдийн эрсдэлийн сан гэж бий. Тодорхой түвшинд эрсдэлээ өөрсдөө даах ёстой. ЗГ арилжааны банкуудад маш их тус хүргэдэг, Фавор хийдэг шүү дээ. ХХБ-нд л гэхэд $500 сая долларын зээл авахад нь баталгаа гаргаж өгөөд одоо өрийг нь төлж байна. Тиймээс арилжааны банкууд, төв банк, засгийн газар харилцан уялдаатай бие биедээ тус дэмтэй ажиллах хэрэгтэй байх. Төрийн инститүтүүдийн үндсэн үүрэг ердөө л тэр.  

Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн: --- Ипотекийн зээлийг хөнгөлхөд МИК компанитай ярилцаж байгаа.---

Тэмдэглэл: Ипотекийн асуудлыг, ялангуяа МИК компанийн асуудлыг нэлээд нухацтай авч үзэх хэрэгтэй байх. Яагаад гэвэл МИК өөрөө ипотекийн зээл гаргаж байгаа арилжааны банкуудын охин компани юм. Энд ашиг сонирхолын томоохон зөрчил байна. Угаасаа манай ипотекийн зээлийн систем гаж буруу юм. МИК зөвхөн толгой компанидаа зуучлалын үүрэг гүйцэтгэж ипотекийн зээлийн хүүг өсгөх үүрэгтэй нэгж гэж харагдаад байгаа. Ипотекийн зээлийн хүү тухайлбал 5% биш 8% байгаад байгаагийн шалтгаан нь МИК байж болно. Ипотекийн зээлийн системд МИК-ийн гүйцэтгэж буй үүрэг үнэхээр шаардлагатай юу, үгүй юу... шаардлагатай гэвэл энэ үүргийг арилжааны банкнуудын охин компани гүйцэтгэх ёстой юу гээд асуудлууд байгаа. Тиймээ, ипотекийн зээлийн системд  реформ, шинэчлэл хэрэгтэй байгаа, тэгвэл ипотекийн зээлийн хүүг буулгах, зээлийн төлбөрийг хойшлуулах асуудал амархан шийдэгдэнэ.

Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн: Алтны үнэ өссөн сайн байгаа. Энэ жил 20 орчим тонн алт тушаах байх.

Тэмдэглэл: Тиймээ. Алтны үнэ өссөн, бас Монголбанкин дахь алт тушаалт өмнөх жилүүдийн дунджаас 4 дахин нэмэгдсэн гэдгийг онцлон дурдах хэрэгтэй. Бас алтны АМНАТ буцаад 5% болсон. Сайхан мэдээ. Энэ жилийн алт тушаалт 20 тонноос ч давах байхаа, давах шинжтэй байгаа. Харин буцааж хилээ нээх үед алт дахиад хил даваад яваад байхгүй бол шүү дээ. Тиймээс алт олборлолтоос илүү хил гаалиа хямгадах талаар онцлон  санаа зовох хэрэгтэй юм. Монгол улс алтнаас жилдээ 1-1.3 тэр бум доллар олох боломжтой. Тэр чинээгээр манай гадаад валютын нөөц нэмэгддэг.

Цар тахал бидэнд ихийг мэдүүлж, мэдрүүлж өглөө. Монгол улсад эдийн засгийн асар их нөөц, бололцоо байна. Харин энэ их нөөцийг бид хэрхэн Монголдоо шингээж ард түмэндээ үр ашигтайгаар зарцуулах вэ гэдэг л асуудал байна.

 

Х.Батсуурь /Эдийн засагч/

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Agdnep

buy lipitor for sale <a href="https://lipiws.top/">lipitor tablet</a> lipitor 40mg canada