“ЗӨВ АШИГЛАЯ, ДАХИН ХЭРЭГЛЭЕ” хаягдлыг бүтээл болгох уралдаан зарлалаа

     ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд хэд хэдэн аян өрнүүлж олон нийтэд зөв хандлага түгээх ажлыг эрчимжүүлээд байна. Байгальд үүсэх ахуйн хог хаягдал нь хамгийн их хор нөлөөтэй гэсэн судалгаа гарсан.

      Тэгвэл ахуйн хог хаягдлыг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн, бүтээл урладаг “Эко Гар Урлал” ТББ-ын хамт олонтой нэгдэж сонирхолтой уралдааныг эхэлүүлээд байна. Уралдаан бүх насныханд нээлттэй бөгөөд хоёрдогч түүхий эд ашиглан хэрэглээний зүйлс урласан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ санал санаачлага байх юм. “ЗӨВ АШИГЛАЯ, ДАХИН ХЭРЭГЛЭЕ” уриатай уралдаан 2020 оны 07 сарын 03-ныг хүртэл “Эко урлан” дээр бүтээлээ хүлээн авч Экологийн цагдаагийн албатай хамтран шалгаруулна.  

       Байгальд үүсэх хог хаягдал нь хөрс, усыг бохирдлуулж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байгаа. Бидний өдөр тутмын хог, хаягдал өвчлүүлэх эх үүсвэр болж олон жилийн турш байгальд хор болж байгаа нь харамсалтай. Ахуйн хог хаягдлыг боловсруулан дахин ашигласнаар өдөр тутамдаа бууруулах боломжтой.

      Эко гар урлалын холбооноос урлал сонирхон хөгжүүлэгч 200 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар дундажаар 4—5 ам бүлтэй айлаас сардаа 5-6 шил лааз хатуу хог хаягдал, 2 кг орчим цаасны хаягдал гардаг бол гар урлалдаа дахин ашигласнаар     80-90  хувь бууруулах боломжтой гэсэн дүн гарчээ. Иймээс энэхүү урлалыг нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд таниулах зорилгоор тус холбоо үйл ажиллагаагаа явуулдаг байна.

            Байгаль эн тэргүүнд, хогоор бүү хорло уриалгын хүрээнд Экологийн цагдаагийн албанаас иргэдийг дээрх аянд идэвхтэй оролцож байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриаллаа.