БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэтгэвэрт гарсныхаа дараа жилд 166.9 сая вон буюу сарын 13.9 сая воны тэтгэвэр авах нь Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны баримтуудаас ил болжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх оны 5 дугаар сард дуусах билээ.
Ингэснээр Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн тэтгэвэр авах эрхтэй Өмнөд Солонгосын цорын ганц амьд Ерөнхийлөгч болох юм. Түүний өмнөх дөрвөн экс Ерөнхийлөгч болох Пак Гын Хэ, И Мён Бак, Ро Тэ Ү, Чун Ду Хван нар нь бүгд шоронд хоригдсон тул Ерөнхийлөгчийн тэтгэвэр авах эрхээ хасуулсан байна.
Гэхдээ Мүн Жэ Иний Засгийн газраас авах тэтгэвэр сарын 13.9 сая воноос их байх аж. Тус улсын хуучин Ерөнхийлөгч нар мөнгөн тэтгэврээс гадна автомашин, аялал, эмнэлгийн зардал, гэрийн үйлчлэгчдийн цалин зэрэг бусад тэтгэмжийг авдаг байна.
Сонирхуулахад, Ерөнхийлөгч Мүний жилийн цалин ирэх онд 250.1 сая вон байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2021 оны хэмжээнээс таван хувиар өссөн үзүүлэлт аж. Гэвч Мүн Жэ Ин 2019 оноос хойш цалингийн нэмэгдлээ сайн дураараа буцааж өгч байгаа гэнэ.
Сэтгэгдэл үлдээх