Археологичид Дэлхийн II дайны үед нацист Герман Их Британид халдаж, их хэмжээний хохирол учруулснаас хойш 77 жилийн дараа Адольф Гитлерийн 3300 милийн хурдтай "супер зэвсэг"-ийг Их Британийн Кент мужид булсан байсныг олж илрүүлжээ. Археологийн нөөцийн судалгааны багийнхан асар том талбайд малтлага хийж, 14 фут өндөр, 38 фут өргөнтэй олдворыг гарган авсан байна.
Дэлхийн II дайны үед Герман улс дэлхийд анхны баллистик пуужин бүтээж, дайнд хэрэглэсэн нь энэ юм. Германы V2 (Фау 2) пуужин нэг тонн жинтэй тэсрэх бодисыг 300 км зайд тээвэрлэх чадалтай, хамгийн сүүлийн үеийн шилдэг зэвсэг байжээ. Өнгөрсөн долоо хоногт олдсон тус олдворыг 1944 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Гэгээн Валентины баяраар Нидерландын нутгаас хөөргөсөн бөгөөд хэдхэн минутын дотор Английн нутаг дэвсгэрт туссан байна.
Археологичид шинэ олдвороо цэвэрлэж, сэргээхээр ажиллаж эхэлжээ. Ах дүү Колин, Шон Уэлч нар төслийг хариуцаж байгаа аж. Мэргэжилтнүүд “V2 пуужингийн эд ангиудад хэрэглэдэг нууц эх кодыг тайлах боломжтой бөгөөд тэдгээрийг үйлдвэрлэсэн үйлдвэрүүдтэй холбогдоход тусална” гэж найдаж буй юм байна.
Дэлхийн II дайны үед нацист Герман олон мянган "V2" пуужин хөөргөжээ. Үүний улмаас зөвхөн Их Британид 9000 хүний амь хохирсон тоо баримт бий. Тус пуужингийн зарим эд ангиудыг Чехословак улсад үйлдвэрлэсэн гэгддэг бол Австрийн нэг үйлдвэрийн нэр ч яригддаг байна.
Пуужинг нэг удаа хөөргөхөд шаардлагатай спиртийг үйлдвэрлэхэд 30 тонн төмс шаардлагатай байсан гэнэ. Тухайн үед германчууд дайнд ялагдах нь тодорхой, хоол хүнсний хомсдолд орсон, ажил хаялт үргэлжилсэн хүндхэн цаг хугацааг туулж байсан аж.
Сэтгэгдэл үлдээх