БИЧЛЭГ: Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт гүтгэгдсэн Солонгос тулаанчийн "хашир" үйлдэл олныг хөгжөөсөн нь

Холимог тулааны ертөнцөд "Галзуу нохой" хочоороо танигдсан Пак Тэ Сун нь Өмнөд Солонгосын аварга шалгаруулах Road FC тэмцээнд бараг төгс гэж болохоор амжилтыг үзүүлсэн юм. 2013-аас 2017 оны хооронд тэрээр 7 тулаанд оролцож, ганц л удаа ялагджээ. 

2016 онд зохиогдсон ээлжит "Road FC Young Guns 31" тулаан дээр Пак Тэ Сун онооны харьцаагаар өрсөлдөгч Ким Кин Пио-г илүүрхэн ялалт байгуулсан байна. Тулааны дараа тэрээр хэт хөөрсөндөө дэргэд нь зураг авхуулахаар ирсэн "рингний бүсгүй"-г бэлхүүсээр нь тэвэрч, хүчтэй угзарч татжээ.

Түүний энэхүү тэврэлт рингний бүсгүйг эвгүй байдалд оруулсан нь бичлэг дээр тодорхой харагдаж байлаа.  Үүнээс болоод Солонгос даяар түүнийг "гаж донтон" хэмээн цоллож, бусдын биед зөвшөөрөлгүй хүрсэн, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр хариуцлага тооцохыг шаарджээ. 

Түүний үйлдэл сэтгэлийн хөөрлөөс шалтгаалсан, түүнчлэн бүсгүйн биед хүрэхдээ бээлийтэй байсан тул хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаагүй хэдий ч тулаанчийн нэр хүнд нэгэнт шалдаа буусан байлаа.

Үүнээс бараг жилийн дараа Пак Тэ Сун ялагдашгүй аварга болохоо батлан харуулж, нэр хүндээ ч мөн сэргээхдээ жинхэнэ "хаширсан" хүний зан гаргажээ.

Тэрээр 2017 оны 2-р сард болсон "Road FC 36" тэмцээн дээр өрсөлдөгч Родриго Капоралийг дахин оноогоор илүүрхэн ялсан байна. 

Гэхдээ энэ удаад тэрээр рингний бүсгүйтэй зургаа авхуулах нь бүү хэл дэргэд нь зогсохоос татгалзсан аж.

Тэрээр бүсгүйгээс айсан мэт зугтаж, тэр ч байтугай "битгий ойрт" хэмээн хашхирч байсан тул зохион байгуулагчид түүнтэй хөөцөлдөж, чирч авчран байж зургийг нь авхуулжээ. Энэхүү хачирхалтай үйл явдал үзэгчдийг хөгжөөхийн зэрэгцээ хуурамч гүтгэлэг хүнд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан тул түүнийг зөвтгөж, ойлгох хүмүүс олон байсан юм.

Солонгосын "Road FC"-д шилдэг амжилт гаргасныхаа дараа Пак Тэ Сун Сингапурт байрлалтай "ONE Championship"-д хүч үзэх болсон байна. Тэрээр "ONE Championship"-ийн карьераа 2018 оны 3-р сарын 3-нд Кимихиро Этотой хийсэн тоглолтоор эхлүүлсэн бөгөөд дараачийн таван тулаандаа бүгдэд нь ялаад байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх