Хятадын онгоц осолдсон газар руу аврах багийг илгээжээ

Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрийн 14:38 цагийн орчимд 123 зорчигч, багийн 9 гишүүн суусан Хятадын “Eastern Airlines” агаарын тээврийн компанийн Боинг-737 загварын нисэх онгоц Күньмингээс Гуанжөү руу нислэг үйлдэх явцдаа Гуаншийн Ү-жөү хотын агаарт холбоо тасарч осолдсон талаар бид мэдээлж байсан.

Хятадын Комунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян нар чухал заавар өгч, онцгой байдлыг зохицуулах механизмыг шуурхай ажиллуулж, бүх хүчээ дайчлан аврах ажиллагаа явуулж, арын ажлыг сайтар зохицуулахыг холбогдох байгууллагад даалгав.

Мөн бодит байдлыг үнэн мөнөөр нь цаг алдалгүй оновчтой мэдээлж, ослын шалтгааныг нарийн шалгаж, иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын менежментийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авахыг шаарджээ.

Хятадын Иргэний агаарын тээврийн газар, Онцгой байдлын яам зэрэг холбогдох байгууллага ослын газар руу ажлын хэсэг томилсон бөгөөд Гуанши, Гуандүн хоёр мужийн авран туслах хүчнийг ослын газарт илгээжээ. Одоогоор авран туслах, арын ажлыг зохицуулах, ослын шалтгааныг тогтоох зэрэг ажлыг газар дээр нь шуурхай гүйцэтгэж байна.