ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины ихэнх хэсгийг эзлэн авах зорилго тавьсан хэвээр байна гэж АНУ-ын Тагнуулын албаны тэргүүн лхагва гарагт мэдэгджээ. Лхагва гарагт болсон Худалдааны яамны бага хурал дээр Үндэсний тагнуулын газрын дарга Аврил Хайнс дайнаас хойш дөрвөн сар гаруйн хугацаан дахь үйл явцад үнэлэлт дүгнэлт өгч, АНУ-ын тагнуулын байгууллага мөргөлдөөнийг удаан хугацаа үргэлжлэх болно гэж үзэж байна гэж мэдэгдэв. В.Путиний Украиныг бүхэлд нь булаан авах зорилго нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ч Оросын удирдагчийн зорилго болон армийн хүчин чадал хоёрын хооронд ихээхэн зөрүү бий гэдгийг тэрбээр мөн онцолжээ. Хайнс "Товчхондоо, дүр зураг нэлээд бүрхэг хэвээр байгаа бөгөөд Оросын баруунд хандах хандлага хатуурч байна” гэжээ. Хайнс Донбасс бүс нутагт газар нутгийг олж авах, Украины эсэргүүцлийг дарах нь Путиний нэн тэргүүний зорилт гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ долоо хоногт Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнуудын удирдагчдад хандан дайныг оны эцэс гэхэд дуусгахыг хүсэж буйгаа хэлсэн боловч Хэйнсийн үзэж буйгаар тэгэх боломж маш бага гэнэ.
Сэтгэгдэл үлдээх