НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын XYII Бага хурал өчигдөр албан ёсоор эхэлж, хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Хуралтай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг хүргэе.

Наймдугаар сарын 17-ны байдлаар 167 улсын төлөөлөгч Монгол Улсын хилээр нэвтэрч, мөн өдрийн байдлаар UNCCD COP17-ын Цэнхэр бүсэд 15 107 хүн бүртгүүлж, давхардсан тоогоор нийт 23 162 удаагийн нэвтрэлтийг бүртгэж, 1355 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

Зочид буудлуудад 9736 өрөө-хоногийн захиалга хийж, хурлын талбайн эрүүл мэнд, аюулгүй байдал болон үйлчилгээний хүрээнд 49 хүн анхны тусламжийн үйлчилгээ авч, эд зүйлээ мартсан, гээсэн 20 тохиолдол бүртгэгдсэн бол галын болон аюулгүй байдалтай холбоотой дуудлага бүртгэгдээгүй байгаа аж.

Наймдугаар сарын 18-ны байдлаар COP17-д ойролцоогоор хэвлэл мэдээллийн 283 байгууллагыг төлөөлсөн 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгдсэнээс 584 нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын, 120 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид юм.

Магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчдээс 527 хүний үнэмлэхийг хэвлээд байгаа ба үүнээс 496 нь Монголын хэвлэл мэдээллийн, 31 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бөгөөд БНХАУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мөн багтжээ.