Зээл тэглүүлээгүй ахмадуудад ирэх долоо хоногт нэг сая төгрөг олгоно

Тэтгэвэрийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая төгрөг хүрэхгүй зээл авсан ахмадуудад зөрүү мөнгөн тусламжыг ирэх долоо хоногоос олгоход болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Тэтгэврийн зээлгүй ахмадуудад ваучер өгч мөнгөжүүлнэ. Мөн нэг сая төгрөг хүртэлх зээлтэй байсан ахмадуудад зөрүү мөнгийг нь өгнө. Энэ бүгд 2019 оны 12-р сарын 31-ны байдлаарх зээлтэй байсан ахмадуудын зээлийг тэглэсэн, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор заасан.

Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер компаниудын баяр хүргэж талархал илэрхийлье. Энэ хугацаанд 220 тэрбум төгрөгний орлого олж байршуулсан байна. Үүнээс 216 тэрбум төгрөгийг 238 мянган ахмадуудад олгогдоно. 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 43 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгний зээлтэй байсан. Энэ хүмүүсд зөрүүг нь өгнө" гэлээ. 

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа: "Тавдугаар сарын 21-нээс хойш мөнгөжүүлнэ гэсэн хуультай байгаа. Цар тахалтай үед энэ мөнгийг наашлуулж болох уу гэсэн хүсэлтүүдийг маш олон ахмадууд ирүүлсэн. Өнөөдөр УИХ-ын даргаас энэ үйл ажиллагаагаа хурдан шуурхай эхлүүлэх чиглэл авлаа. Ирэх долоо хоногоос нийгмийн даатгалын бүх салбар тухайн үед зээлгүй байсан 94,1 мянган ахмад, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,9 мянган ахмадуудад үнэт цаасыг нь олгох ажлуудыг хийж эхлүүлнэ. Цар тахалын үед хүрэлцэн ирж чадахгүй ахмадууд, хөл хорио тогтоосон байгаа газруудад шууд дансуудад нь байршуулах ажлыг Монгол банк, Эрдэнэс Монгол, Сангийн яамтай хамтарч хийнэ.