Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг баримтлан Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд Санжаагийн Наранцогтын нэрийг дэвшүүлжээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 129, 132 дугаар зүйлийг баримтлан зохион байгуулах бөгөөд нэр дэвшигчийн сонсголд урьдчилан бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох боломжтой аж.
Сэтгэгдэл үлдээх