36 жил цаасан дээрх зорилго байсан шатахууны нөөц агуулах сав барих ажлыг бодит ажил хэрэг болгоно

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Шатахууны нөөц агуулах савтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн 36 жилийн хугацаанд цаасан дээрх зорилго байсан шатахууны нөөц агуулах сав барих ажил өнгөрсөн Засгийн газар болон одоогийн Засгийн газрын үед бодит ажил хэрэг болно” гэдгийг ярианы эхэнд онцоллоо. Үргэлжлүүлэн түүний мэдээлснээр, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас арилжааны банкууд болон нефть импортлогч компаниудтай хамтран энэ жил 150 мянган тонн нефть  буюу 21 хоногийн нөөц хадгалах савыг ашиглалтад оруулах юм байна.

Энэ талаар дурдахдаа “Нийт дүнгээрээ 285 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн буюу нэг сарын хэрэглээг хангах  нөөц хадгалах савыг ирэх оны өдийд барьж дуусгана. Ирэх оны төсөвт зээлийн хүүгийн татаасыг шийдэж  энэ бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд УИХ-аас дэмжлэг үзүүлнэ байх гэж бодож байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот тусгагдсан 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатахууны нөөц хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж 2028 онд дуусгахаар зорьж ажиллаж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх